Төлбөрийн үйл ажиллагаа

Үнэт цаасны арилжааны төлбөрийн үйл ажиллагааг 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 44 дүгээр зүйлд:

Тооцооны байгууллагаас ирүүлсэн даалгаврын дагуу үнэт цаас худалдан авагчаас төлөх төлбөрийг үнэт цаас худалдагчийн дансанд шилжүүлэх, үнэт цаас худалдагчийн дансанд байгаа зохих тооны үнэт цаасыг худалдан авагчийн дансанд байршуулах үйл ажиллагааг хэлнэ. Түүнчлэн кастодианы, төвлөрсөн хадгаламжийн болон мөнгөн хөрөнгийн хадгаламжийн байгууллага хооронд даалгавар илгээх замаар төлбөрийн гүйлгээг тогтоосон хугацаанд нэгэн зэрэг гүйцэтгэх юм.

Улмаар төлбөр төлөгдсөн тайлангийн дагуу зохих санхүүгийн бүртгэлийг гүйцэтгэн гүйлгээг баталгаажуулж, мэдээллийг үнэт цаасны хадгаламж, бүртгэлийн байгууллагад илгээнэ. Үнэт цаасны арилжааны төлбөрийн гүйлгээг төлбөр бүрэн хийгдсэн тохиолдолд үнэт цаасны өмчлөх эрхийг шилжүүлэх зарчмыг баримтлан гүйцэтгэнэ.

“Арилжааны төлбөр тооцоо” ХХК нь 2016 онд 311 харилцагчийн дансанд 959 удаагийн 859,3 тэрбум төгрөгийн орлогын гүйлгээ, 128 харилцагчийн дансанд 780 удаагийн 859,2 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ, нийт 439 харилцагчийн дансанд 1,7 ихнаяд төгрөгийн гүйлгээг хийсэн байна. 1149 удаагийн 524,0 тэрбум төгрөгийн гүйлгээг харилцагчийн данс хооронд гүйцэтгэсэн.

Компани нь 2016 онд Монголын хөрөнгийн биржийн арилжааны төлбөрийн гүйлгээг цэвэршүүлэн тооцсон дүнгээр нийт 17,5 тэрбум төгрөгийн гүйлгээг Төлбөр гүйцэтгэх банкууд болох Голомт, Хас, ХХБ, ХААН банкны хооронд хийсэн.